Монгол гэр
Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм. Гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.
XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь буй. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь Монгол, Түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг.
Монгол гэр анх урц овоохойноос үүдэлтэй гэж үздэг бөгөөд хүмүүсийн амьдрал дээшилж, үүндээ тохируулан өөрчлөн шинэчилсээр иржээ. Эрт дээр үеэс нүүдэлчин ардын орон гэр сууц болсоор ирсэн бөгөөд байгалийн элдэв үзэгдэлд тэсвэртэй байхаар бүтэцлэгдсэн байдаг.
Бэлтгэсэн : Нямбаяр Б.