More Related Content
Similar to Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Similar to Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал (20)
More from GEC Mongolia (20)
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
- 1. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО:
ОЛОЛТ, ДУТАГДАЛ
2002 он.
Илтгэгч: УИХ-ын дэд дарга, профессор
Ж.БЯМБАДОРЖ
Эрхэмсэг ноѐд, хатагтай нараа!
Сонгууль нэг талаас төрийн тэргүүн, парламент, орон нутгийн өөрөө
удирдах ѐсны байгууллагыг хуульд заасан журмаар байгуулах ардчилсан арга
хэрэгсэл, нөгөө талаас иргэд төрийг удирдах хэрэгт шууд оролцож байгаа
ардчиллын нэг хэлбэр болдог. Ийм ч учраас бүх нийтийн сонгуулийг ардчиллын
гол хэмжүүр гэж үздэг. Сонгуулийн мөн чанарыг бүрэн танин мэдэж, нийгмийн улс
төрийн амьдралд үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд түүний нийгмийн үүрэг, хэлбэр,
тогтолцоо, зарчим, процесс зэргийг нарийвчлан судалж, цаашид улам
боловсронгуй болгож байх хэрэгтэй байдаг байна.
Нэг. Сонгуулийн нийгмийн үүрэг. Сонгуулийн нийгмийн үүрэг асар их
байдаг нь 1990 оноос хойш Монгол улсад болсон бүх сонгуулиас харагдаж байна.
Ингээд сонгуулийн нийгмийн үүргийг болж өнгөрсөн сонгуулиудын ололт,
дутагдалд дүн шинжилгээ хийх замаар тодорхойлсноо толилуулъя.
1.Сонгууль нь нийтийн засгийн байгууллагыг бүрдүүлэх гол арга хэрэгсэл
юм. Парламент, төрийн тэргүүн, орон нутгийн өөрөө удирдах ѐсны байгууллыг,
зарим цөөхөн оронд шүүх, Засгийн газрыг сонгуулиар байгуулдаг. Ардчилсан
оронд төрийн дээрх байгууллагыг бүрдүүлдэг сонгуулиас өөр арга байдаггүй
байна. 1921 онд ардын хувьсгал ялж ардын засаг тогтсон цагаас эхэлж төрийн эрх
барих төв, орон нутгийн байгууллагыг сонгуулиар байгуулж ирсэн боловч алдаа,
дутагдал, хэлбэрдэл нэлээд давамгайлж байсныг Та бүхэн мэднэ.
Тэгвэл 1990 онд Монгол Улсад анх удаа ардчилсан чөлөөт сонгууль болж
Ардын Их Хурлыг, түүнээс Улсын Бага Хурлыг байгуулснаар ардчилсан
сонгуулийн шинэ үе, улмаар байнгын ажиллагаатай Парламентын тулгын чулуу
тавигдсан гэж үзэж болох юм.
Үүнээс хойш Улсын Их Хурлын сонгууль 1992, 1996, 2000, Ерөнхийлөгчийн
сонгууль 1993, 1997, 2001, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль 1992, 1996, 2000
- 2. онуудад тус тус явагдаж, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, ИТХ-ууд ардчилсан
аргаар байгуулагдан ажиллаж ирлээ.
2.Сонгуулийн нийгмийн бас нэг үүрэг нь иргэдийн улс төрийн чухал эрхийн
нэг-сонгох, сонгогдох эрхийг хангах гол боломжийг бий болгодогт оршино. 1948
онд НҮБ-ын баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 3
дахь хэсэгт “Ард түмний хүсэл зориг бол засаг төрийн үндэс мөн. Мөн хүсэл зориг
нь бүх нийтэд сонгуулийн тэгш эрх эдлүүдэх үндсэн дээр саналыг нууцаар хураах,
эсхүл саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр бусад хэлбэрийг ашиглах
замаар тогтмол, хуурамч бус сонгууль явуулахад илэрлээ олно” гэж заасан нь
дэлхий нийтээр сонгох эрхийг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл бол бүх нийтийн
сонгууль гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.
Манай улсад ардчилсан төрийн байгуулал тогтсон 1921 оноос эхлэн
иргэдийн сонгох эрхийг хуульчлан тогтоож хэрэгжүүлж эхэлснийг төр, эрх зүйн
түүхээс харж болно. 1992 оны шинэ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх
хэсэгт Монгол улсын иргэд “шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа
уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох,
сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг.
Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш болсон Улсын Их Хурлын
сонгуульд нийт сонгогчдын 82.43-95.6 хувь нь, Ерөнхийлөгчийн сонгуульд 82.5-
92.73 хувь нь тус тус оролцож байв. Гэхдээ сонгогчдын оролцооны идэвх
сонгуулиас сонгуульд буурах хандлагатай байгааг анхаарах хэрэгтэй юм.
3.Сонгууль улс төрийн амьдралын тухайн үеийн нөхцөл байдлыг
илэрхийлдэг барометр (хэмжүүр) болдгоороо нийгэмд чухал үүрэгтэй. Сонгуулийн
явцад улс төрийн хүчнүүдийн ашиг сонирхол, үзэл бодол ямар байгаа нь
харагддаг төдийгүй тэдэнд ард түмний зүгээс тодорхой үнэлэлт өгч улс төрийн
амьдралын цаашдын чиг хандлага тодорхойлогддог.
Сонгуулийн аргаар байгуулагдсан, түүний үр дүнгээр бий болдог
байгууллагууд (тухайлбал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, ИТХ,
Засаг дарга гэх мэт)-ын тодорхойлсон бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ улс
орны хөгжил, хүмүүсийн амьдрал ахуйд хэрхэн эерэг сөргөөр нөлөөлж байсанд
- 3. чухамхүү дараагийн сонгууль үнэлэлт өгдөг. Үүнийг 1996, 2000 онд болсон Улсын
Их Хурлын сонгуулиас харж болно.
4. Сонгууль улс төрийн удирдагчдыг өөрийн үнэлэмжид нийцүүлэн солих
боломжийг ард түмэнд олгодог. Монгол улсын Үндсэн хуулийн ѐсоор УИХ-д
олонхийн суудал авсан нам, эвсэл төрийн эрх барих, Засгийн газраа байгуулах
эрхийг ард түмнээсээ олж авдаг. УИХ-ын бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд олон
түмний итгэлийг олж, сонгуульд амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж
чадаагүй, алдаа эндэгдэл гаргаж нэг ѐсондоо тааруу ажиллавал дараагийн
сонгуулиар тэр улс төрийн хүчин ард түмний дэмжлэг авдаггүй, харин өөр улс
төрийн хүчинд эрх мэдлийг шилжүүлдэг байна.
1990 оноос өмнөх сонгууль нийгмийн ийм үүрэг бараг биелүүлдэггүй байв.
Харин Улсын Их Хурлын сонгуулийн хугацаа 4 жил байгаа нь улс төрийн томоохон
бодлого тодорхойлж хэрэгжүүлэхэд бага байгааг шүүмжлэн яригдах болсныг
цаашид анхаарах хэрэгтэй байна.
Хоёр. Сонгуулийн хэлбэр. Одоо сонгуулийн хэлбэрийн талаар хэдэн зүйл
хэлье. Сонгуулийн хэлбэр түүний гадаад дүр төрхөөс илэрдэг. Сонгууль нь
сонгогчдын өгсөн саналын үр дүнгээс хамаарч шууд буюу шууд биш гэсэн хоѐр
хэлбэртэй байна. Сонгогчдын өгсөн саналын үр дүнд сонгогдох байгууллага бий
болж байвал өөрөөр хэлбэл Парламент бүрдэж, Ерөнхийлөгч сонгогдсон байвал
түүнийг шууд сонгууль гэнэ. Шууд биш сонгууль олон янз байх ба ихэвчлэн
хоѐроос дээш шат дамждаг. Ийм сонгуулийн хэлбэр Монгол Улсад 1921-1949 он
хүртэл байсан төдийгүй 1992 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлыг шууд бусаар байгуулж байв. Сонгууль хамарч байгаа
хүрээгээрээ нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан (орон даяар), эсхүл хэсэгчилсэн
(тойрог) гэсэн хоѐр хэлбэртэй. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль
бүх нутаг дэвсгэрийг хамарч орон даяар явагддаг бол УИХ-ын гишүүний орон
гарсан үед нөхөн сонгууль зөвхөн тэр тойрогт явагдана.
Гурав. Сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн тогтолцоо нь өргөн, явцуу хоѐр
утгаар илэрхийлэгдэнэ. Сонгуулийн тогтолцоо өргөн утгаараа сонгууль
явуулахтай холбогдон үүссэн, сонгууль явуулах журмуудаар зохицуулагдсан
нийгмийн харилцаа юм. Монгол Улсын сонгуулийн тогтолцоо өргөн утгаараа УИХ,
- 4. Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг
сонгох эрх зүйн хэм хэмжээ (сонгуулийн хуулиуд эрх зүйн бусад хэм хэмжээ) эрх
зүйн бус хэм хэмжээгээр (намын сонгуулийн журам гэх мэт) тодорхойлогдсон
сонгууль явуулах журам, дэглэм, сонгуулийн явцыг хамарсан бүхий л харилцаа
юм. Сонгуулийн тогтолцоо явцуу утгаараа сонгогчдын өгсөн саналын үр дүнгээр
нэр дэвшигчдэд суудал хуваарилах аргыг хэлдэг байна.
Суудал хуваарилах аргыг мажоритар (олонхийн саналаар), пропорциональ
(хувь тэнцүүлсэн), холимог гэж ангилж үздэг байна. Дэлхийд 150 шахам арга
байдаг хэмээн бичжээ. Эндээс үзвэл улс орон бүр сонгуулийн суудал хуваарилах
аргыг өөрийн орны өвөрмөц онцлогт тохируулан хэрэглэдэг болохыг харуулж
байна. Эдгээр гурван аргын дотроос монгол оронд хэрэглэдэг мажоритар буюу
олонхийн саналаар сонгох аргын талаар яръя. Энэ арга нь Францын majorite буюу
утгачилбал олонхи гэсэн үгнээс гаралтай юм байна.
Мажоритар арга нь өрсөлдөгч дотроос хамгийн олон санал авсан нэр
дэвшигч сонгогддог энгийн, ойлгомжтой, бараг анхдагч арга гэж хэлж болно. Энэ
аргаар сонгууль явуулж байгаа тохиолдолд сонгогчид зөвхөн нэр дэвшсэн хүний
төлөө л санал өгдөг. Мажоритар аргыг нэг мандаттай, олон мандаттай тойрогт
хэрэглэж болдог. Монгол Улсад 1921 оноос хойш явагдсан бүх сонгууль
мажоритар аргаар явагдаж ирсэн, манай ард түмэнд танил, мэддэг арга нь болсон
билээ. Улсын Их Хурлын сонгуулийг 1992 онд олон мандаттай, 1996, 2000 онд нэг
мандаттай тойрогт мажоритар аргаар явуулсан юм.
Мажоритар аргыг хэрэглэж байгаа улс сонгогдсонд тооцох зарчмыг туйлын,
харьцангуй гэсэн хоѐр байдлаар хэрэгжүүлж байна. Харьцангуй олонхи гэж
(манай улсад хэрэглэж байгаа) бусад нэр дэвшигчдээсээ хамгийн олон санал
авсан нь сонгогдсонд тооцогддог аргыг хэлдэг. Энэ нь дотроо саналын доод
хязгаартай, хязгааргүй гэсэн хувилбартай.
Улсын Их Хурлын сонгуулийн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын
гишүүнээр сонгогдохын тулд хамгийн олон санал авахын зэрэгцээ доод тал нь
сонгогчдын 25 хувийн санал авах ѐстой. Доод хязгааргүй нөхцөлд 10 хувь, түүнээс
ч бага хувийн саналаар сонгогдох магадлалтай. Туйлын олонх гэж сонгогчдын
олонхийн (50+1 санал) санал авч байж сонгогдохыг хэлдэг байна. Мажоритар арга
- 5. нь сонгогчдод ойлгомжтой, сонгогч, нэр дэвшигч нар нүүр тулан уулздаг сайн
талтай боловч ялангуяа нэг мандаттай тойрогт багагүй сөрөг үр дагавартай
байгаа нь харагдаж байна. Заримаас нь дурьдвал:
1.Сонгогчдын өгсөн саналын харьцаа алдагдсан үр дүн гардаг. Хамгийн
муугаар бодоход ганц нам бүх суудлыг авч нөгөөх нь юу ч үгүй хоцорч ч болох юм.
Хүснэгтээс жишээ татан үзье. Бодоход амрыг бодолцон 760.000 хүчинтэй саналын
хуудастай тойрог бүр 10.000 саналтай гэж үзье.
Сонгуулийн тойрог Саналын Суудлын
1-р 2-р 3-р 4-р 26-р хувь тоо
А намын
5001 5001 5001 5001 5001 50%+1 76
нэр дэвшигч
Б намын
4999 4999 4999 4999 4999 50% 0
нэр дэвшигч
Эндээс харахад сонгогчдын 50 хувийн санал авсан боловч тойрог бүрт ганц
нэг сонгогчийн санал илүү авсан нам нь улсын хэмжээгээр 76 суудал авч байна.
Цөөн хувийн санал авсан нам ч Улсын Их Хуралд олонх болох
магадлалтай.
Сонгуулийн тойрог Саналы Суудлын
I II III IY Y н хувь тоо
А намын
8000 8000 4500 4500 4500 59% 2
нэр дэвшигч
Б намын
2000 2000 5500 5500 5500 41% 3
нэр дэвшигч
Энэ 5 тойрогт А нам сонгогчдын 59 хувийн санал авсан боловч 2 суудалтай
болж, 41 хувийн саналтай нь 3 суудал авч ийм маягаар улсын хэмжээний дүн
гарна гэсэн үг.
- 6. 2.Улсын Их Хурлын гишүүд хууль төсөв, үндсэн чиглэл зэрэг төрийн
бодлогыг тодорхойлохдоо ямагт тойрог руугаа чангааж, Улсын Их Хурал, Засгийн
газрын нэгдсэн бодлого, эрх баригчдын сонгуульд амалсан мөрийн хөтөлбөрийг
хэрэгжүүлэхэд муу нөлөө үзүүлдэг байна.
Тойргийн сэтгэлгээ давамгайлж, Улсын Их Хурлын гишүүдийн тойрогтоо юу
хийснээр нь сонгогчид үнэлдэг болчихвол Монгол улсын Үндсэн хуулийн “Улсын
Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг
сонирхолыг эрхэмлэн баримтална” гэсэн заалт зөрчигдөхөд хүрнэ.
3.Нэг мандаттай тойргийн хүн ам, сонгогчдын тоо харьцангуй цөөн
байгаагаас сонгогчдыг татах эдийн засгийн үрэлгэн арга газар авах боллоо.
Сонгогчдод бэлэг сэлт тараах, урлаг, спортын тоглолт, шоу зохион байгуулах,
хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндөр үнэ өртөг төлж сурталчлуулах,
сурталчилгааны материалыг их үнээр янз бүрээр олон хувиар хэвлүүлэн тараах,
худлаа хэрэгжих боломжгүй амлалт өгөх зэрэг дутагдал түгээмэл байна.
Нэгэнт улс төрийн намууд, сонгогчдын нэлээдгүй хэсэг нь мажоритар
системийг “шүтэх” хандлагатай байгаа тохиолдолд сонгуулийн тойргийг томсгож
олон мандаттай болгох шаардлагатай гэж үзэж байна.
Бүсчлэн хөгжүүлэх төрийн бодлого гарч, аймаг, сумыг томруулах замаар
цөөлөх бодлого барьж байгаа энэ үед сонгуулийн ганц мандаттай жижиг тойрогт
Улсын Их Хурлын сонгууль явуулж “жалгын” үзлийг бататган суух нь зохимжгүй
гэж үзэж байна.
Дөрөв. Сонгуулийн эрхийн зарчим. Сонгуулийн эрхийн зарчмыг үндсэн
ба туслах гэж хоѐр ангилж үздэг. Үндсэн зарчимд бүх нийтийн, шууд, чөлөөтэй,
тэгш, саналаа нууцаар гаргах, туслах зарчимд сонгуулийг иргэд өөрсдөө зохион
байгуулах, заавал нэр дэвшүүлэн сонгох, сонгуулийн нутаг дэвсгэрийн,
сонгуулийн санал хураахаас бусад ажил ил тод байх, сонгогдсонд тооцох
зарчмууд орно. Сонгуулийн үндсэн зарчмыг Монгол улсын Үндсэн хуулийн 21
дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан байна.
Сонгуулийн бүх нийтийн зарчим. Сонгуульд оролцох бүхий л эрхийг
иргэдэд хуулиар хэрхэн олгосноор сонгуулийн бүх нийтийн зарчим
- 7. тодорхойлогдоно. Гэвч амьдрал дээр бүх хүнийг сонгуульд оролцуулах боломж
байдаггүй. Хуулиар зайлшгүй зарим хязгаарлалт тогтоодог.
1.Насны хязгаарлалт. Сонгуульд зөвхөн насанд хүрсэн хүн оролцох ѐстой.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасны дагуу сонгох эрхийг
18 наснаас эдлэх ба сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд
тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтоодог. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр 45,
Улсын Их Хурлын гишүүнээр 25 нас хүрсэн иргэнийг сонгоно.
1992 онд дэлхийн 150 оронд явуулсан судалгаанаас (уг нь 186 орон
хамрагдах ѐстой байжээ) үзэхэд 109 улс 18 нас, Бразил, Куба, Иран, Никарагуад
16 нас бусад цөөхөн улс 19-21 насанд хүрсэн иргэнд сонгох эрх олгожээ.
2.Иргэний харъяаллын хязгаарлалт. Дэлхийн ихэнх улсад, түүний дотор
манай улс сонгох, сонгогдох эрхийг зөвхөн өөрийн улсын иргэнд эдлүүлдэг.
Иргэдийн аливаа улс төрийн эрх, эрх чөлөө нь тэр улсын тусгаар тогтнол бүрэн
эрхтэй холбоотой байдаг болохоор энэ нь ч зүйн хэрэг юм.
3.Оршин суугаа газрын хязгаарлалт. Улсын Их Хурлын болон
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд сонгуулийн өдөр эх орондоо байгаа иргэн
сонгох эрх эдэлнэ гэж заасан юм.
Гадаадад алба, амины ажлаар яваа, тэнд амьдарч байгаа иргэдийг
сонгуульд оролцуулах техник, зохион байгуулалтын боломжгүй болохоор ийм
хязгаарлалт тогтоосон байна. Цаашдаа ч хэсэг хугацаанд ийм л байх болов уу.
4.Эрхийн чадамжийн хязгаарлалт. Эмнэлгийн дүгнэлт, шүүхийн
шийдвэрээр ухаан солиотой болох нь нотлогдсон бол сонгуульд оролцох эрхгүйг
хуулиар заасан юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн энэ чухал үйл ажиллагаанд
өөрийгөө жолоодож, ухамсартайгаар хандаж чадах иргэн оролцох ѐстой.
5.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хорих газар ял эдэлж байгаа
иргэн сонгуульд оролцохгүй. Ийм практик олон оронд байдаг бөгөөд гэмт хэрэг
үйлдсэний улмаас хүний салшгүй эрхээс бусад эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулсан
байдаг болохоор сонгуулийн эрхийг ч мөн тэр хугацаагаар эдлэх боломжгүй
болдог байна.
Сонгуулийн шууд зарчим. Сүүлийн үед зарим улс төрчид, судлаачид
сонгуулийг хувь тэнцүүлэх аргаар явуулбал Үндсэн хуульд заасан шууд зарчим
- 8. зөрчигдөх юм шигээр ярьж, бичдэг боллоо. Шууд сонгуулийн талаар дээр
өгүүлсэн билээ. Монгол улсын иргэн УИХ, Ерөнхийлөгч, ИТХ-ыг ямар нэгэн
төлөөлөлгүйгээр өөрөө саналаа гаргаж сонгоно. Энэ нь нэр дэвшсэн хүний ч, нам
эвслийн ч төлөө саналаа өгч болно гэсэн үг. Гагцхүү энэ саналын үр дүнгээр УИХ,
ИТХ бүрдэж, Ерөнхийлөгч сонгогдож байх ѐстой.
Сонгуулийн чөлөөт зарчим. Сонгуульд оролцох, эс оролцох, хэний ч
дарамт шахалтад оролгүйгээр саналаа илэрхийлэх, нэр дэвшигчдийг бүгдийг
татгалзах зэргээр сонгуулийн чөлөөт зарчим хэрэгжинэ. Сонгуулийн бүх нийтийн
зарчим нь сонгуулийн чөлөөт зарчмыг хөндөх ѐсгүй. Бүх нийтээрээ сонгуульд
оролцох эрх, боломжийг хуулиар бүрдүүлж, түүнийг эдлэх эсэх нь уг иргэний сайн
дурын хэрэг юм. Гэтэл сонгуулийн хуулиудад байгаа хоѐр ч заалт энэ зарчимд
харшилж байгаа юм.
Нэгдүгээрт, нэр дэвшигчдийн аль нэгийг нь дэмжихийг шахаж, ингэснээрээ
алийг нь ч дэмжих сонирхолгүй байгаа хүнд сонголт хийх боломж олгоогүй байна.
Өөрөөр хэлбэл, нэр дэвшсэн хүнээс аль нэгийг нь сонгосон тэмдэглэгээ хий, өөр
тэмдэглэгээ хийвэл саналын хуудас хүчингүй байхаар хуульчилсан юм. Ийм
нөхцөлд сонгогч нэг бол хүчээр аль нэгний нь төлөө санал өгнө, эсхүл хуудсаа
хүчингүй болгохоос өөр аргагүй байдалд хүрдэг. Тэгвэл энэ байдлыг өөрчилж
саналын хуудаст алийг нь ч дэмжихгүй гэсэн сонголтыг нэмж өгөх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, сонгуульд нийт сонгогчдын олонхи /50-иас дээш хувь/ нь
оролцоогүй бол сонгууль улсын хэмжээгээр, эсхүл тухайн тойрогт хүчингүй гэж
үзэж дахин сонгууль явуулахаар заасан байна. Одоохондоо сонгуульд манай
иргэд 80-аас дээш хувиар оролцож байгаа болохоор уг зөрчил нуугдмал байгаа
юм. Цаашдаа энэ байдал удаан үргэлжлэхгүй нь ойлгомжтой.
Саналаа нууцаар гаргах зарчим. Сонгогч хэний ч нөлөөнд автахгүй зөвхөн
өөрийн урамсартай үйл ажиллагаагаар саналаа илэрхийлэх боломжийг нууц
санал хураалт олгодог. Сүүлийн үед явагдсан сонгуулиудаас харахад хэт өндөр
настай, бичиг үсэг үл мэддэг зэргээс болж саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй
сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаа авдаг. Гэтэл энэ “итгэмжилсэн” хүн
нь тухай хүний саналыг өөрийн үзэмжээр илэрхийлж өөрт нь болохоор “таны
- 9. хэлсэн нэр дэвшигчийг сонгохоор тэмдэглэлээ” хэмээн хуурдаг явдал элбэг
тохиолдож байв. Цаашид зөвхөн өөрөө саналаа тэмдэглэдэг болох хэрэгтэй.
Сонгуулийн тэгш эрхийн зарчим. Сонгуулийн тэгш эрхийн зарчмыг шинэ
Үндсэн хуульд нэр зааж оруулаагүй ч аль ч улсад энэ зарчмыг сонгуулийн үндсэн
зарчимд оруулж хэрэгжүүлэх арга механизмыг нь боловсронгуй болгосоор байна.
Энэ зарчмын мөн чанар нь нэг сонгогч нэг удаагийн сонгуульд нэг л удаа саналаа
өгөх, сонгогчид адил саналын эрхтэй байх явдлаар илэрхийлэгдэнэ. Манай улсын
иргэний бүртгэлийн замбараагүй байдлаас шалтгаалж төв суурин газрын зарим
сонгогч хэд хэдэн хэсэг дээр нэрийн жагсаалтад бичигдэж тэр тоогоороо
сонгуульд оролцох нь нэлээд байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд саналаа
өгснийг нь паспорт дээр нь тэмдэглэдэг байхаар заасан боловч Улсын Их Хурлын
сонгуулийн хуульд орхигдуулснаас дээрх дутагдал газар авсан юм. Цаашид
сонгогч сонгуулийн өдөр дахин санал өгдөг дутагдлыг арилгахад чиглэсэн
хяналтын механизмыг зөв тогтоох ѐстой.
Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын 2000, Ерөнхийлөгчийн
2001 оны сонгуулиар тусгай бэхээр сонгогчийн хуруунд тэмдэг тавьсныг
хуульчлан баталгаажуулах шаардлагатай байна.
Сонгуулийг иргэд өөрсдөө зохион байгуулах зарчим. Төрийн сонгуулийг
аливаа нэг төрийн байгууллага хариуцан гүйцэтгэх нь сонгуулийн дүнд субъектив
хандлага нөлөөлөх магадлал нэн өндөр байдаг дутагдалтай. Ийм ч учраас манай
улсад бүх сонгуулийг иргэдийн төлөөллөөс бүрдсэн сонгуулийн тусгай
байгууллага болох сонгуулийн нутаг дэвсгэрийн, тойргийн, хэсгийн хороод зохион
байгуулдаг. Эдгээр хороодод намуудын төлөөллийг ч харгалзан оруулдаг.
Сонгуулийн хороод, түүнд ажиллаж байгаа хүмүүс аль нэгэн нам хүчин, нэр
дэвшигчийн талыг дагаж барилгүй шударга ажиллаваас энэ зарчим хангагдах
боломжтой.
Заавал нэр дэвшүүлж сонгох зарчим. Төрийн сонгуулиар сонгогдох
иргэнийг заавал урьдчилан нэр дэвшүүлж сонгодог. Энэ нь хоѐр гол шаардлагыг
хангах үүднээс гарч ирсэн гэж үздэг байна.
Нэгдүгээрт, сонгогчдыг нэр дэвшигчийн талаар мэдээллээр хангаж
сонголтоо хийх боломжийг бүрдүүлж, хоёрдугаарт, сонгуулийн үр дүнг гэнэтийн
- 10. үйл явдлаас шалтгаалуулахгүй байлгахын үүднээс. Сүүлчийн шалтгааныг товч
тайлбарлая.
Улс төрийн тогтворгүй байдал үүсч, улмаар улс оронд ямар нэг
хүчирхийлэл бий болж болзошгүй үед сонгуулийн өмнө цэрэг зэвсгийн хүчээр,
шашны сурталчилгаагаар өмнө нь сонгогчдод огт мэдэгдээгүй хүнийг гэнэт гаргаж
ирж буруу үйл ажиллагаандаа сонгуулийг ашиглах явдал байдаг байна. Заавал
урьдчилан нэр дэвшсэн хүний төлөө л саналаа өгөхийг хуульчилсан байдаг тул
ямар ч зохион байгуулалт, хүчирхийлэл байгаад өөр хүнийг саналын хуудаст
бичиж, тэр нь сонгогдсон ч хүчингүй байх учраас уг хүчирхийллийн замыг хааж
байгаа юм.
Сонгуулийн нутаг дэвсгэрийн зарчим. Улсын Их Хурлын сонгуулийг
тойргоор явуулдаг ба энэхүү тойрог нь сонгуулийн нутаг дэвсгэр юм. Сонгуулийн
нутаг дэвсгэр засаг захиргааны нутаг дэвсгэртэй заавал давхцах ѐсгүй.
Сонгуулийн тойргийг олон мандаттай, ганц мандаттай байгуулж болдог. Олон
мандаттай тойргийг улсын хэмжээгээр нэг /улс нэг тойрог/, томруулсан гэж ангилж
үздэг. Олон мандаттай томруулсан тойргоор 1992 онд Улсын Их Хурлын
сонгуулийг явуулахдаа засаг захиргааны нутаг дэвсгэрт зохицуулах гэснээс
тойргууд харилцан адилгүй мандаттай болсон юм.
Сонгуулийн ил тод байдлын зарчим. Сонгууль нь ардчиллын чухал
хэмжүүр юм бол түүний бүхий л үйл явц (санал хураахаас бусад) олон түмэнд ил
тод байх ѐстой.
Сонгуулийн хороод, төрийн байгууллага сонгуультай холбоотой үйл
ажиллагааныхаа талаар сонгогчдод байнга мэдээлж байх ѐстой. Сонгуулийн
хуульд ил тод байдлыг хангах ухуулга сурталчилгаа явуулах журмыг нарийвчилж
өгсөн байдаг.
Сонгогдсонд тооцох зарчим. Нэр дэвшигчийг нийт сонгогчдоос, сонгуульд
оролцсон нийт сонгогчдоос, саналын хүчинтэй хуудсаас сонгогдсонд тооцох гэсэн
гурван үндсэн хэлбэр байдаг байна. УИХ-ын гишүүдийг саналын хүчинтэй
хуудсаас сонгогдсонд тооцдог бол Ерөнхийлөгчийг Үндсэн хуульд заасны дагуу
сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авснаар сонгогдсонд тус тус
- 11. тооцдог билээ. Үндсэн хуулийн энэхүү заалтыг цаашид эргэж харахгүй бол
Ерөнхийлөгчээ сонгож чадахгүй байдалд хүрч болзошгүй байгаа юм.
Би энд сонгуулийн хуульд зайлшгүй оруулах техник, зохион байгуулалтын
чанартай асуудлыг хөндөж ярих зорилго тавиагүй бөгөөд цаашид шийдвэрлэхэд
түвэг багатай гэж үзсэн юм.
Монгол улсын сонгуулийн тухай хууль тогтоомж, ялангуяа Улсын Их Хурлын
сонгуулийн хуулийг боловсронгуй болгосноор Монгол оронд ардчилал улам
хөгжиж, УИХ, Засгийн газрын ажиллах чадвар нэмэгдэж, Монгол орны хөгжлийн
цаашдын төлөвт эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Тийм ч учраас өнөөдрийн онол практикийн бага хурал сонгуулийн
тогтолцоог боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа
илэрхийлье.