Ц. Хулан ­ Ганцхан ээждээ

                           унших шүлэг

     
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой 
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай 
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан 
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон 
Ганцхан намайг гэж ижий та 
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ? 
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж 
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа 
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй 
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд 
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа 
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг 
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн 
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь 
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа 
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд 
Цагдаа, эсвэл үүдний манаач 
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч 
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа 
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь 
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө 
Даамай их хайр тань аанай л хэвээрээ 
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана 
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ 
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань 
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа! 
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд 
Зүгээр л дэргэд минь байж хайрла 
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг 
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа! 
Б.Явуухулан ­ "Дэлхий" шүлэг




                   1.


Тулах цэггүй налуу тэнхлэг
Туж эргэлдэх хатуу бөмбөлөг
Өнгөөр ялгашгүй уран солонголог
Үгээр үгүйлшгүй үнэн гайхамшиг
Бүрэнхий сансрын цэнхэр нүд
Бүхий л амьтны үдлэх үд
Ирэх буцахын ээлжлэх цэг
Энэ бол манай дэлхийн бөмбөрцөг.
2.
Ай даа дэлхий, дэлхий, дэлхий, дэлхий
Амь амьдралын алтан өлгий
Цэнгэг ус, агаар, нарны орон
Цог жавхлант ­ Хүн чиний эзэн
Нар гийсэн дэлхий чам дээр
Насаа бид элээх жамтай
Ариухан чамайгаа үеийн үеэр
Алаг нүд шигээ хайрлах учиртай
Энгүй уудмын чинь нэгээхэн талд
Эх орон минь цэлийж бий
Хөрст газрын чинь нэгэн нугад
Хүй дарсан чулуу минь бий.
Хорвоод ирэхэд минь угтаж авсан
Хүний сайхан сэтгэл бий.
Холхи дээдсийн минь түүх хадгалсан
Хүн ардын минь соёл бий.
3.
Ай даа дэлхий, дэлхий, дэлхий
Амь амьдралын алтан өлгий
Хаана ч байхгүй ганц диваажин
Харах нүдний гоц баясгалан
Эцгийн дүр шиг буурал уулс
Эхийн сэтгэл шиг уудам тал
Хүүхний гэзэг шиг гол мөрөн
Хүүгийн минь даахь шиг ой шугуй
Ууланд шүтэж амьдрах араатан
Усанд шүтэж үржих загас
Агаарт шүтэж нисэх жигүүртэн
Атарт шүтэж арвижих сүрэг
Намрын тарианы шар шуурга
Намжаа дэлхийн уянгат шагшуурга
Усан цэнхэр дөрвөн далай
Ургамал ногоон таван тив.
4.
Ай даа дэлхий, дэлхий, дэлхий
Амь амьдралын алтан өлгий
Хүй биеэрээ эрдэнийн хүдэр
Хүн төрөлхтөний түүхэн судар
Үеэ элээсэн хээрийн балгас
Үнэнээ нуусан энгэрийн булш
Омог дамжсан хуучин сэлэм
Онголж тахисан өнчин сүм
Хорвоог хэрсэн хүний харгуй
Хотол хурсан хот суурин
Буу барьсан хилийн харуул
Бөөрөө дарсан улс гүрэн
Сайнтай муутай буурал, Өнгөрсөн
Сайхны ерөөлтэй саруул, Ирээдүй
Ад үзэгдэж нурсан Капитализм
Амь тавьж олсон Социлизм
5.
Ай даа дэлхий, дэлхий, дэлхий
Амь амтдралын алтан өлгий
Гэрэл, харанхуйн тэрслэх талбар
Гэгээн ухааны ялах бамбар
Үзэсгэлэнт сайхан манай гариг
Үнэнийг хэлэхэд яндашгүй баян
Хомхой сэтгэл, усан тэнэг
Хорвоод чиний ганц дайсан
Өмч хөрөнгийн хэтэрхий шунал
Үүдэнд зоож зүүх болсон юм.
Өргөн дэлхийг цоожилсон тэнэглэл
Үхээрийн дайн дэгдээх болсон юм.
Хүйтэн цөстний атомын гамшигт
Хүнтэйгээ цэг дэлхий минь шархадсан юм
Үхэлд дийлдэшгүй үлгэрийн баатар шиг
Үнсэн дундаас хоёулаа боссон юм.
6.
Ай даа дэлхий, дэлхий, дэлхий
Амь амьдралын алтан өлгий
Сансар хорвоогийн цэнхэр нүд
Саруул ухааны цэлгэр үүд
Хүний ухаан улам саруулсаж
Хүж дэлхийгээ соёлоор чимж байна.
Сансар саранд хэдхэн хоноод
Сайхан чамайгаа саначихаад ирж байна.
Үзэмж гоогийн гайхамшиг чамайгаа
Үлгэрийн холоос Гагарин анх харсан юм.
Хэзээ ч орхихгүй дэлхий чамайгаа
Хүн төрөлхтөн улам хайрласан юм.
Даян дэлхийн Энх тайван
Тахих сүлд нь болж мандсан юм.
7.
Ай даа дэлхий, дэлхий, дэлхий
Амь амьдралын алтан өлгий
Цэнгэг ус, агаар, нарны орон
Цог жавхлант­ Хүн чиний эзэн
Саруулхан дэлхий минь чиний эзэн
Сайхан ирээдүйгээ тод харж байна.
Үеийн үед найрамдахыг хүссэн
Үй олон тэмцэл ялж байна.
Зулайгаа гишгэсэн ээжийн хүүхдүүд шиг
Зузаан эвээр бид ах дүүс болцгоож
Үүднийхээ гадаа хэн нэгнийгээ орхилгүй
Үндэстэн олон нэгэн гэр бүлд амьдарна.
Сүүлийн цэрэг тэгэхэд буугаа орхиж
Эцсийн ганц цоожийг музейд тавина.
Хүний эрх төгс ялсан гариг гэж
Хүж дэлхийгээ бүхлээр нь нэрлэнэ.
Б. Лхагвасүрэн ­ Боржигины бор тал 


                             Санаа алдахад
                             Эхийн сүү тагнайд амтагдаж
                             Салхины үзүүр залгихад
                             Агь хоолойд аргасан
                             Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи

Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь

Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи намайг гэнэн болгосон

Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл намайг бадрангуй болгосон

Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон

Байдуу мянганы уулсаа дууриан толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь




Б. Лхагвасүрэн ­ Ижийтэйгээ байхад 


Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг үнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан

Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан

Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан

Уул уулын орой уулздаггүй шиг үнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг үнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон

Гэхдээ...
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан

оюун.хэрэглэгдэхүүн