Соёл урлагийн их сургууль нь сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн чиглэлээр олон улсын хурал, чуулган, фестивал зохион байгуулдаг.
Энэ удаад Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль нь Олон Улсын Монгол Судлалын Холбоотой хамтран монгол судлалын 2018 оны хоёрдугаар ээлжит хурлыг олон улсын монгол судлал дахь соёл, урлаг судлалыг идэвхжүүлэх, дотоод, гадаадын эрдэмтдийн олон улсын монгол судлалд гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, монголын соёл, урлаг судлалаар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, залгамж халааг бэлтгэх зорилгоор “МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ ХУРЛЫГ 2018 оны 7-р сарын 23, 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Монгол улсын эрдэмтдээс гадна ОХУ, Герман, БНХАУ, БНСУ, Турк, Унгар, Франц, Польш, АНУ, Австри зэрэг орны эрдэмтэд оролцож “Соёлын үнэт зүйл, бодлогын судалгаа”, “Монголын соёлын биет болон биет бус өв”, “Чингис хааны дүр тайз дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд” гэсэн 3 салбар хуралдаан, үзэсгэлэн, урлагийн тоглолт, “Сономын Лувсанвандан” III ботийн нээлт, номын үзэсгэлэн худалдаа болно.
Түүхээс үзэхэд үндэсний соёл, зан заншилд хандах арга, хэлбэр өөрчлөгдсөн ч дотоод, гадаадын олон арван уран бүтээлч, эрдэмтэн мэргэд Монголын соёл, урлагийн мөн чанар, утга бэлгэдэл, оршихуйн онцлогийг танин мэдэж өвлүүлэхийн төлөө нөр их хөдөлмөрөө зориулан соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнтэй бүтээлүүдийг туурвисаар ирсэн. Монголчуудын соёлын өв, үнэт зүйл, урлагийн асуудлыг олон улсын эрдэмтдийн хүрээнд авч хэлэлцэх, өнөөгийн байдлыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлж буй явдал нь монгол үндэстний оршихуйн асуудал юм. Бид эрхэмлэн дээдлэх үнэт зүйлээ тодорхойлох, хойч үедээ өвлүүлэх, үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, соёлын өвөө хамгаалах арга замыг боловсронгуй болгох, соёлын олон талт харилцааг хөгжүүлэхэд энэ удаагийн хурал чухал нөлөө үзүүлнэ.
БИД САЙН САЙХАНД ДАГУУЛНА