зөвлөгөө
- 1. Хүүхдэд багшийг нь бүү муул / зөвлөмж - 1 /
Эцэг эхчүүдийн хамгийн нийтлэг алдаа нь багш нартай харьцах харьцаан
дээр үзэгддэг. Тэдний сонирхол дадлыг мэдэхийг чухалд үзэж , ая тал засаж
өөртөө татахыг хичээдэг. Энэ нь яван явсаар эцэг эх хүүхдийг хуурамч байдалд
сургадаг. Жишээ нь хүүхдийг хичээл таслахад нь зөвтгөсөн бичиг хийж өгдөг.
Энэ байдал эргээд хүүхдэд муугаар нөлөөлж ямар нэг зүйлийг хуурамчаар
үйлдэж болдог юм байна гэдгийг ойлгож аливаа зүйлийг буруугаар ашиглах
боломжийг гаргаж өгдөг. Хэрэв эцэг эхчүүд багшийн хэлсэн үгэнд анхааралтай
хандаж байсан бол хүүхдэд муу үлгэр үзүүлэхгүй, худал хэлэх зан уруу түлхэхгүй
байна.
Багш нартай нөхөрсөг, эвсэг найртай байхаас чухал зүйлгүй! “ Гэтэл
багш хүн өөрийн дутагдал, сул талтай боловч үнэнч шударга, хөдөлмөрч хүмүүс
гэдгийг эцэг эхчүүд ямагт мартаж орхидог”. Багш нь би гэсэн байдалтай,
эелдэг биш хүйтэн зантай байж болох боловч багш хүн хөдөлмөрийн хүн тул
бусдын адил эвсэг найрсаг байхыг хүсдэг. Хамгийн гол нь багш хүн
хүүхдүүдэд хайртай, тэдэнд туслахыг боддог, сайн муу дүн тавьсан ч ялгалгүй
тэдэнд сайн сайхныг хүсэж, үнэнч шударга хүмүүс болгон хүмүүжүүлэхийг чин
сэтгэлээсээ эрмэлзэж байдаг юм.
Гэтэл эцэг эхчүүд “ Энэ багшийн бүр тахи нь эргэж гүйцжээ. Солиорсон
юм шиг , ийм их даалгавар өгч болдог юм байх даа “ , “ Намайг сурч
байхад багш өөрсдөө л заагаад өгдөг байсан” , “ Миний хүүхэд бүгдийг
мэдэж байсан гэтэл шалгалтандаа муу гэнэ , өөр хүүхэд үг ч дуугарахгүй байхад
сайн дүн авсан байна билээ” айхтар шударга биш явдал гэх мэтийн
хариуцлагагүй сөрөг үгийг ярьж байдаг.
Иймээс багш нарт үл итгэж хандах явдлаа орхиж , багш нартай
хамтран зүтгэж , ул суурьтай ажиллах юм бол сурган хүмүүжүүлэх ажлын
гялалзсан амжилтад хүрэх нь дамжиггүй.
Багшийн нэр хүндийг унагаснаар амжилттай сургахад зайлшгүй чухал
зэвсгийг нь мухарлаж байгаагаа бүү мартаарай. Хов жив хутгасан үр дүнгүй
шүүмжлэл , үргэлжийн сэтгэл хангалтгүй байдалд өнгөрөөсөн амьдралынх нь
үеэс хүүхдүүдэд ямар ашиг гарах вэ бодоод нэг үзээрэй!
Тийм байдлаас уйтгар гуниг, дүн жагсаасан боловсролын үнэмлэхээс өөр
юу ч үлдэхгүй бөгөөд түүний бага залуу нас нь сургуулийн ширээний ард ямар ч
үр дүнгүй өнгөрсөн явдал болж хувирна шүү.
“ Эрдмийн гэрэл цацарч
Эрлийн учиг нийлэх болтугай “
- 2. Хүүхэд уурлавал хэрхэн зохицуулах вэ?|зөвлөмж – 2 |
Уур гэж юу вэ. Хүн ямар учраас уурлаж бухимддаг вэ. Мэдээжийн хэрэг
хүний сэтгэлд ямар нэгэн юм таалагдахгүйгээс л уурлаж таараа. Тэгвэл яагаад
хүмүүс уур, уцаартай байдгийг санах нь зүйтэй болов уу. Эцэг эхчүүдийн
амнаас “ их сайн хүүхэд байсан юмсан, одоо бүр үгэнд ордоггүй, дүрсгүй жаал
болон хувирлаа” гэх зэрэг үгс сонсогдох нь элбэг байна. Хүүхдүүд ямар
тохиолдолд уурлах вэ. Тэдний ямар нэгэн хүслийг биелүүлэхгүй , хориг саад
тавьснаас болж уурлаж уйлж юм авч шидэх нь хүртэл үзэгддэг. Зарим эцэг эх
хүүхдээ уйлахаас айж хүссэнийг нь биелүүлэхийг яардаг байхад нөгөө хэсэг нь
зодох , загнах зэргээр асуудлыг зохицуулахыг оролддог билээ. Тэгвэл энэ
аргууд нь хүүхдийн зан чанарт төдийлөн өөрчлөлт өгөхгүйгээр үл барам тэднийг
улам цааш нь түлхдэг байна. Харин энэ тохиолдолд хүүхэдтэйгээ яаж зөв
зохистой харилцах тухай ярилцахын өмнө бид гэр бүл болон цэцэрлэг , хамт
олны дунд хүүхдийн тань эзэлж буй байр суурийг тодорхойлох нь зүйтэй юм.
Зарим эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжүүлж байгаа нь энэ гээд өөрсдийн
хүссэнээрээ байлгаж идэж уух, тоглох, унтах бүхнийг нь зааж удирдахыг
хичээдэг. Иймд гэр бүлд өсөж буй хүүхдийн хувьд уурлаж уцаарлах нь
өөрийнхөө эрх чөлөөг эрэлхийлсэн арга байдаг. Харин аав ууж, эмээ өвөөгийн “
амьд бурхан “ болсон хүүхэд үе тэнгийнхнийхээ дунд хүртэл анхаарлын төвд
байхыг хичээдэг бөгөөд хүсэл нь эс биелбэл уур уцаар , зодоон цохионоор
өөрийгөө хүндлүүлэхийг оролддог. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хувьд
хүүхдийн гадаад төрх , гоё хувцас, нийтэч зан , тоглоомоо зохион байгуулж буй
байдал , сэтгэхүйн хүрээ хүртэл түүний нэр хүндэд зохих нөлөө үзүүлдэг юм.
Хэрэв та хүүхдийнхээ уцаартай болсон шалтгааныг зөв тогтоож чадвал түүнтэй
яаж зөв харилцаж хүмүүжүүлэх вэ гэдэг талаар бодох цаг болжээ. Харин үүний
тулд хүүхдийнхээ сэтгэлийн дарамтыг ойлгож , түүнд туслахыг чин сэтгэлээсээ
хичээх хэрэгтэй. Энэ ажил танаас нэлээд тэвчээр шаардсан амаргүй хөдөлмөр
болохыг сануулъя. Хамгийн түрүүнд дараах зөвөлгөөг дагаарай. Дуугаа
өндөрсгөж , хүүхдийг шийтгэх нь тэдэнд бүхнийг хүчээр шийдэж болдог гэсэн
ойлголт төрүүлдэг. Ийм учир хүүхдийн уур уцаарыг мартагнуулж , яриаг өөр
тийш нь чиглүүлэх нь зүйтэй. Үүний тулд түүний анхаарлыг өөр тийш нь
хандуулж дэр цохиж уур гомдлоо тайлах бололцоо олго. Үүний дараа хүүхэд
тань тайвширсан байх болов уу. Хүүхдийнхээ хажууд та өөрөө уурлаж уцаарлах ,
бусад хүмүүсийг муулах зэргээр зохисгүй үлгэр дуурайл үзүүлэхээс зайлсхийх
нь чухал. Хүүхдэдээ хайртай , түүнийг үнэлэн хүндэтгэдгээ та цаг үргэлж
харуулж байгаарай.
“ Уур биеийг зовооно
Уул морийг зовооно “