2024 оны 1 дугаар сарын 13-ны өдөр Инженеринг Менежмент Клубын 65 дахь удаагийн уулзалт
Илтгэгч Б.Адилбиш инженер: Leslie Robertson: Ихэр цамхаг - Инженерийн ёс зүй гэсэн агуулгын хүрээнд илтгэлээ танилцууллаа.
Илтгэлийн агуулгын хувьд нэгт нь Leslie Robertson гэж хэн бэ, хоёрт нь Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн барилга буюу Ихэр цамхгийн зураг төсөлд гүйцэтгэсэн түүний үүрэг хариуцлага, эцэст нь барилга, байгууламжийн бүтээцийн тооцооны инженер хүн нийгмийнхээ өмнө мэргэжлийнхээ хүрээнд хүлээх ёс зүйн хариуцлагын тухай байв.
Leslie Robertson нь Олон улсад танигдсан, нэр хүнд бүхий, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн барилга, байгууламжийн бүтээцийн тооцооны инженер бөгөөд түүний хувийн амьдрал, мэргэжил, ажлын гараа, ажиллаж байсан алдартай төслүүдийн талаарх сонирхол татахуйц түүхийг хуваалцсан юм.
Түүний алдартай төслүүдээс 1972 онд баригдсан “Ихэр цамхаг” буюу Дэлхийн худалдааны төв барилгын хувьд хоолойт бүтээцийн систем төсөллөхдөө Вортингтон энд скиллинг зураг төслийг нь гүйцэтгэж Питтсбург хотод баригдсан IBM BUILDING-ээс санаагаа баяжуулжээ. Энэхүү барилга нь багана, дамнуруу гэх араг бүтээцийн системтэй төсөлөлтөөс зайлсхийж баганагүй цэлгэр дотор орон зайг үүсгэхдээ гадна хүрээний дагууд диагноль хэлбэрийн торлосон бүтээцийн системээр ачааллыг хуваарилсан.
Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн барилгын барилга бүтээцийн даацын систем болон фасадын төлөвлөлтийн шийдлийн онцлог нь ийм төрлийн өндөр барилгад босоо ачаалал, газар хөдлөлтөөс үүсэх хөндлөн чиглэлийн онцгой ачаалал зэргээс илүү салхины үйлчлэл илүү аюултайг Leslie Robertson барилгаа төсөллөх үедээ олж мэдсэн.
Тухайн үед өндөр барилгад үүсэх салхины үйлчлэлийн талаар БНбД тодорхой тусгагдаагүй байв. Энэхүү асуудлыг хэрхэн шийдсэн талаар илтгэлийн дэлгэрэнгүйгээс сонирхоорой.